Миний ертөнц=Чиний ертөнц

Олон хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах талбар байгаасай гэсэн хүслээр энэхүү блогийг бичиж эхэллээ. Тоо томшгүй олон сэдвийн дундаас тухайлж би дараах сэдвүүдийг хөндөх болно. Сайн дурын хөдөлгөөн, Хүний нөөцийн менежмент,Урлаг

Sunday, November 26, 2006

Think globally Act locally

Think globally Act locally-миний дуртай үгсийн нэг. Утгачилан орчуулбал дэлхийн жишгээр сэтгэж өөрийн чадлын хэмжээнд ойр орчныхоо хүрээндэх асуудлыг шийдвэрлэ гэж.Иргэдийн сайн дурын хөдөлгөөн, байгаль орчны бохирдлын эсрэг хөдөлгөөн зэрэгийн уриа болгох нь элбэг.

Хувийн асуудлаас эхлээд хорвоогийн асуудлууд, эргэн тойронд юу л байна, шийдвэрлэгдэхээ хүлээсэн асуудлууд. Алийг нь шийдэх вэ гэж бодохын төдийд л амьдрал дуусч орхимоор. Тэгэхээр ганц асуудлыг шийдэх зориг гаргаад хөдөлвөл өөрийгөө ч өрөөлийг ч өөрчлөхийн эхлэл...

Friday, November 24, 2006

Би “ганцаардахгүйн тулд” сайн дурын ажилд оролцох болсон

Миний бодлоор хүн бүрт тэр хүнд л ганцхан заяасан ямар нэгэн чанар бий бөгөөд зүйрлэвэл эвлүүлдэг зурагт тоглоомын нэгэн хэсэг мэт. Хэсэг бүр орлуулшгүй байрлалаа олсон цагт нэгэн гайхамшигтай зураг бий болно.

Харийн нутагт хөл тавьсанас хойш нэгэн жил өнгөрч их сургуулийн оюутан болсоноос хойш өөрийгөө ямар зурагны хэлтэрхий болох тухай их бодох болсон юм. Гэвч энэхүү асуултын хариултыг олоход хичээл номын ертөнцөөс ганцаар хайх нь дэндүү их тэсвэр хатуужил шаардах асуудал санагдсан тул бушуухан гүйж гараад хоолойнхоо чадлыг шавхан хашгирч асуумаар санагдаж билээ. Харин азаар 600-н километрийн цаадах Киото хотод миний дуу цуурайтсан бололтой нэгэн сэмпай-аас маань адилхан зурагны хэлтэрхийг олох сэжүүр гарав. Энэ бол И-мос/монгол оюутнуудын интернэт семинар/ын эхлэл байлаа. Надтай адилхан төөрч будилсан, ижлээ хайсан оюутнууд хоорондоо холбогдож өөрийгөө хөгжүүлэх талаар туршлагаа хуваалцах семинар байсан болохоор үнэхээр азтай үйл явдал болсон юм. Энэ семинарын эцэст бид ярилцсан сэдвүүдээ ном болгож хэвлэсэн нь их бахархалтай байлаа. Гэвч миний хувьд өөрийн бичсэн зүйлд үнэхээр сэтгэл дундуур үлдсэн нь өөрийнхөө сул тал болоод дутагдаж буй чадвараа олж илрүүлэх боломж өгсөн юм. Энгээд асуултынхаа хариуг бүрэн олоогүй ч гэлээ явсан нохой яс зууна гэдэг үгийн үнэнийг биширсээр цааш эрэлээ үргэлжлүлэх итгэл зориг сэтгэлд бадарсан хэрэг. Үүнээс хойш орлцсон сайн дурын ажлуудаа дурсвал Улаанбаатарын байгаль орчны талаарх семинар, summer workshop, Хаврын баяр гээд дурсамжаар дүүрэн, шинэ найз нөхөд, шинэ би-тэй учирсан мөчүүд дурайна. Энэ бүхний эцэст сургуулиа төгсөхөд хэдхэн сар үлдсэн энэ зөрлөгөөс харвал өөрийгөө ямар зурагны хэлтэрхий болохоо нэлээд гадарлах болжээ. Тэрхүү зурагны дүр байдлын тухай тодруулах нь энэхүү блогийг бичиж буйн гол учир утга болох тул цааш цаашдын бичлэгүүдээрээ замчлана гэдгээ амлая.

Monday, November 20, 2006

Миний үзэл бодол

Энэхүү блогийноо хамгийн эхний бичлэгийг өөрийн үзэл бодлыг хуваалцахад зориулахаар шийдлээ.

Японд амьдарч сурч эхэлсэн тэртээх 4-н жилийн өмнөөс миний сэтгэлийг Японы нийгмийн нэгэн үзэгдэл ихээр татах болсон юм. Тэр бол хүмүүсийн сайн дурын хөдөлгөөн буюу волинтаризм байлаа. Нас тогтсон хүмүүсээс эхлээд залуучууд хүртэл өргөнөөр сайн дурын ажил хийж өөрсдийн болоод бусдын сайн сайханы төлөө цаг хүчээ зориулна гэдэг Монголын “хүчтэй нь хүчгүйгээ идэх” гэсэн капиталист нийгмийн тухай ойлголтоос огт өөр зураглал байлаа. Монголд хэрэв ажилгүй гиеүрэх залуучууд, наадам цэнгэлд амьдарлаа жолоодуулах идэрчүүд мөнгөгүйгээр шалтаглан гар хумхин суулгүйгээр сэтгэлээ нэгтгэж ядахдаа гудамжны хог цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлдэгсэн бол бидний амьдрал хичнээн гэгээтэй болох бол хэмээн өөрийн эрхгүй шүүрс алдаж билээ. Гэвч тийм сэтгэлтэй залуучууд байх л учиртай гэж итгэсээр, үгүй ядаж өөрийгөө тийм залуу байгаасай гэж хүссээр өдийг хүрсэн билээ.

Энэ 4-н жилийн хугацаанд хүмүүс сайн дурын хөдөлгөөнөөрөө ямар амжилтанд хүрч, өөрсдийн амьдралыг хэрхэн өөрчилж ирсэн тухай олон баримттай учирч, өөрийн биеээр оролцож туршлага ч хуримтлуулж амжив. Үүний үр дүнд оюутан ахуй цагтаа сайн дурын ажил, хөдөлгөөнд оролцож олон хүмүүстэй хамтран ажиллахын амт, ач тусыг олон олон хүнд мэдрүүлэх юмсан гэж бодох болсон юм.

Энгээд цаашид өөрийн бяцхан туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ хийж бүтээх хүсэл зориг дүүрэн олон олон хүмүүстэй санал бодлоо солилцоно гэдэгтээ найдаж байна.

Эцэст нь хэлэхэд баримталдаггүй зарчмууд олон ч гэсэн хөдлөшгүй дагадаг үзэл баримтлал маань:

“Хэлэхэд амар хийхэд хэцүү- хүний үйлийг буруушааж, ам хэлээ хурцалж суухаар өөрөө гар хөлөө хөдөлгөж байдлыг өөрчлөхийг оролд” юм байна.


Уншууштай материал

Сайн дурын хөдөлгөөнийг өөрийн өнцгөөс харахын зэрэгцээ дэлхийн хэмжээнд сэтгэдэг эрдэмтэн багшийхаа өнцгийг энд танилцуулъя гэж бодож байна. Дараах хаягаар хандаж Америкийн дэлхийг эзэрхийлэх бодлого болон түүний эсрэг энгийн иргэд бид юу хийж чадах тухай эссэйг уншаарай.

Moen, Darrell Gene.

"Denying Freedom and Opposing Democracy: In the Age of Pax Americana."
Tsuda College IICS Bulletin. Institute of International and Cultural Studies. December 2002 (pp. 9-24).

http://www.dgmoen.net/essays/pax_amer.html